Monday, November 9, 2009

Теле хичээл 9.30-14.00 цагийн хооронд явагдана

Засгийн газраас зарласан өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас шалтгаалан сурагчдын амралт дахин хоёр долоо хоногоор хойшлох болсон билээ.

Иймээс БСШУЯ-наас ерөнхий боловсролын сургуулийн сургалтын таслахгүйн тулд улс орон даяар теле болон онлайн хичээлүүд нэвтрүүлэхээр болсон. Энэ талаарх асуултуудад БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр дараах хариу өглөө.

-Теле хичээлд заах хичээлийн сэдвээ яаж сонгосон бэ. VII анги Олон гишүүнтийг үржигдэхүүн болгон задлах, X анги Комбинаторик гээд хичээлийн хуваарьтаа оруулжээ?
-БСШУЯ анх удаа теле хичээлийг зохион байгуулж байна. Ерөнхий боловсролын сургуулийн теле хичээлийг сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу зохион байгуулж байгаа. Өөрсдийн бололцоо, боломжоо ашиглаад хүүхдүүдээ хичээлээс нь хоцроохгүй байх арга хэмжээ авахаар болсон. Бага ангийн сурагчдад монгол хэл, математикийн хичээл, суурь, бүрэн дунд боловсролын төвшинд математик, хими, физик, биологи, газарзүй , монгол хэл, англ хэл, түүх, орос хэл гээд есөн төрлийн хичээл давтагдахгүй өөр, өөр сэдвээр орно. Нийт 74 цагийн теле хичээл 19-ны өдөр хүртэл явагдана. Нэг хичээл 30 минут орно.

-Хөдөө орон нутагт телевизүүд өнжиж гардаг. Теле хичээлийг телевизүүд яаж зохион байгуулж гаргах юм?
-Теле хичээлийг “Боловсрол ТВ”, МҮОНТВ, MN25, TV-9, TV-5, C1,UBS, EAGLE, TM телевизүүд нэвтрүүлэхээр болсон. Энэ ажлыг зохион байгуулахад улсаас ямар ч хөрөнгө мөнгө өгөөгүй. Тиймээс нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа хэрэгжүүлж, хүүхдийн сайн сайхны төлөө, тэдний боловсролын төлөө хамтарч ажиллаж байгаад хүүхэд багачууд, сурган хүмүүжүүлэгчдийн өмнөөс талархснаа илэрхийлье. “Боловсрол ТВ” бүх теле хичээлийн бичлэгийг дангаараа хариуцаж байгаа. МҮОНТВ – математик, физик, хими, MN-25- түүх нийгэм судлал, TV-9 гэхэд монгол хэл, монголын түүх , C1 биологи, математик гээд хувааж авсан байгаа. Телевизүүдээр теле хичээл 2-3 удаа давтана.

-Тэгэхээр хүүхдүүд анги, хичээлээ сонгоход жаахан төвөгтэй юм. Сурагчдын хувьд өөрсдөө бие дааж сурах боллоо шүү дээ?
-Телевизүүдийн удирдлагуудтай уулзаж, тохиромжтой цагийг нь боломжтой нөхцөл байдлыг дагуу л хувиарласан. Өглөө 9.30 -14.00 цагийн хооронд заахаар төлөвлөсөн байгаа. Телевизүүдийн программ, өдөр тутмын сонингууд, томоохон сайтуудад хичээлийн хуваарийг өдөр, өдөрт нь хангалттай хэмжээнд гаргах болно. “ТВ суваг”, “TV zone” гээд бүгдэд гаргана.

-Онлайн хичээл яаж явагдах вэ?
-БСШУЯ, “Боловсрол ТВ”-тэй хамтраад www.tvhicheel.mn гэсэн вэб хуудсанд теле хичээлүүдийг байрлуулна. БСШУЯ болон Боловсролын хүрээлэнгийн хамгийн өндөр ур чадвар, арга зүйтэй, туршлагатай, тэргүүний гэсэн 100 гаруй багш, мэргэжилтэн ажиллахаар болсон.

-Сурагчдад хичээлтэй холбоотой асуух зүйл гарвал яах вэ?
-www.tvhicheel.mn вэб хуудсаар сурагчдын асуулт, тодруулгад онлайнаар хариу өгөх багш нарын баг ажиллана. Энэхүү сайтад вэб хуудсанд дүрс, дуу бүхий теле хичээлийг байршуулахаас гадна хичээлийг текстэн хэлбэрээр байрлуулна. Тухайн хичээлээ үзэж чадахгүй хоцорсон ч хичээл орохоор нөхөж үзэх боломжтой. ЕБС-ын багш нар амрахгүй сургууль дээрээ ажиллаж байгаа. Теле хичээлүүдийг үзээд хичээлээсээ хоцорсон хүүхэд байвал нөхөж зааж өгнө.

No comments:

Post a Comment